
Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2026.07.06)-ийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгодог бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т "Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланг хянасны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно." гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан 7 нам, эвслийн 2024 оны санхүүгийн тайланг хянаж Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, "Үндэсний Эвсэл" (Монголын Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам), Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Шинэ нэгдсэн эвсэл (Монголын Уламжлалын Нэгдсэн нам, ШИНЭ нам)-д 2025 онд төрийн санхүүжилт олгосон бол Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй тул төрөөс олгох санхүүжилтийг тогтоогоогүй байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоожээ.
Улс төрийн нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хувийн аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар тус бүр хараат бусаар хянаж, дүгнэлт гаргасан.
Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар төрөөс санхүүжилт авсан нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянаж төрөөс олгосон санхүүжилтээс зориулалтын дагуу зарцуулаагүй улс төрийн намуудын жагсаалтыг гаргасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй 5 намаас 2026 онд олгох санхүүжилтийг хасаж тооцож зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсний дагуу 5 нам, эвслээс нийт 191,581,767 төгрөгийг хасаж тооцсон байна.
Ингэснээр Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, "Үндэсний Эвсэл" (Монголын Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам), Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-д 2026 онд төрийн санхүүжилтийг олгохоор боллоо.
Д.Өөдөө









