
-Зэвсэгт босогчдын гол эвсэл болох SCEF улс төрийн асуудлыг хэлэлцээний замаар шийдвэрлэх байр сууриа албан ёсоор илэрхийллээ.
-Мьянмарын Ерөнхийлөгч Мин Аун Хлайн энэ долоо хоногт Тайландад айлчилж, энхийн яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлаар санал солилцоно.
-2021 онд гарсан цэргийн эргэлтээс хойш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 100 мянга гаруй хүн амиа алдаж, олон сая иргэн орон гэрээсээ дүрвээд байна.
Таван жил гаруй үргэлжилсэн Мьянмарын иргэний дайнд анх удаа энхийн хэлэлцээ эхлүүлэх бодит боломж бүрдэж эхэлснийг шинжээчид онцоллоо. Үүнд Засгийн газрын арми сүүлийн саруудад тулалдааны талбарт давуу байдал олж авсан, мөн бүс нутгийн орнуудын дипломат шахалт эрчимжсэн зэрэг нь голлон нөлөөлсөн аж.
Энэхүү яриа хэлэлцээрийг эхлэхийг санаачилж байгаа тал нь Мьянмарын угсаатны зэвсэгт бүлэглэлүүд болон 2021 онд түлхэн унагагдсан Засгийн газрын төлөөллийг нэгтгэсэн Холбооны Ардчилсан Улс байгуулах Удирдах зөвлөл (Steering Council for the Emergence of a Federal Democratic Union – SCEF)-ийн шинэ байр суурь юм.
Өнгөрсөн сард Тайланд, Филиппиний Гадаад хэргийн сайд нартай уулзсаны дараа SCEF мэдэгдэл гаргаж, улс төрийн асуудлыг зөвхөн энхийн хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ. Уг уулзалтуудын үеэр хоёр улсын сайд нар Мьянмарын армийн хэлэлцээний хорооны төлөөлөгчидтэй ч тус тусдаа уулзсан байна.
Цэргийн дэглэмийн тэргүүнээс Ерөнхийлөгч болсон Мин Аун Хлайн одоогоор SCEF-ийг албан ёсны хэлэлцээний тал гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ ирэх долоо хоногт Мин Мун Хлайа Тайландад хийх айлчлал нь энхийн яриа хэлэлцээг сэргээх дипломат хүчин чармайлт эрчимжиж буйг илтгэж байна.
Тайланд улс Мьянмарыг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN)-той аажмаар дахин ойртуулах бодлогыг идэвхтэй дэмжиж байгаа юм.
Олон улсын Стратегийн судалгааны хүрээлэн (IISS)-гийн судлаач Морган Майклс:
SCEF болон түүний бүрэлдэхүүнд багтсан хүчнүүд Мьянмарын армийг хүчээр түлхэн унагах өмнөх зорилгоосоо тодорхой хэмжээнд ухарсан бололтой.
хэмээн дүгнэжээ.
Гэсэн хэдий ч тэрээр:
Мьянмарын арми (Tatmadaw) ба SCEF-ийн хооронд улс төрийн бодит хэлэлцээ ойрын хугацаанд эхлэх магадлал бага. Харин эхний ээлжид хэлэлцээ хийх боломжийн талаар ярилцах шат эхэлж магадгүй.
гэсэн байна.

SCEF-ийн хэвлэлийн төлөөлөгч Соу Нимродын хэлснээр тус эвслийн эцсийн зорилго нь иргэний засаглалыг бүрэн тогтоож, армийг улс төрөөс бүрэн ангид байлгах хэвээр байгаа аж.
Тэрээр Ройтерс агентлагт:
Энэ бол бидний эцсийн зорилго. Гэхдээ өнөөгийн нөхцөлд бид улс төрийн асуудлыг хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Бид яриа хэлэлцээ болон улс төрийн тохиролцоонд бүрэн нээлттэй байгаа.
гэжээ.
SCEF мөн бодит үр дүнтэй хэлэлцээ эхлүүлэхийн тулд армийг энгийн иргэдийн эсрэг довтолгоогоо зогсоож, бүх улс төрийн хоригдлыг суллахыг шаардсан байна.
Армийнхний зохион байгуулсан сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газар ч долдугаар сарын 31-нээс өмнө бүх зэвсэгт бүлэглэлд хандан хэлэлцээ хийхийг уриалжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мин Аун Хлайн өнгөрсөн долоо хоногт парламентад үг хэлэхдээ "Энх тайван бол бидний хамгийн том хүсэл" хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч мөргөлдөөнийг ажиглагч байгууллагуудын мэдээлснээр шинэ удирдлага бүрэлдсэнээс хойш энгийн иргэдийн эсрэг цэргийн ажиллагаа эрс нэмэгджээ.
2021 оны хоёрдугаар сард Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн тэргүүлсэн ард түмнээс сонгогдсон засгийн газрыг цэргийн эргэлтээр түлхэн унагаснаас хойш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 100 мянга гаруй хүн амиа алдаж, сая сая иргэн дүрвэж, улсын эдийн засаг хүнд цохилтод орсон юм.
Анхны томоохон ялагдлуудын дараа Мьянмарын арми бүх нийтийн цэргийн албыг сэргээж, БНХАУ зэрэг холбоотнуудын дэмжлэгийг авч, дрон зэрэг шинэ техник ашигласнаар тулалдааны нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлж чаджээ.
Ройтерс агентлагт ярилцлага өгсөн хоёр босогчийн мэдээлснээр улсын төв хэсгийн Баго болон өмнөд хэсгийн Давай бүсэд үйл ажиллагаа явуулж байсан зарим босогч Засгийн газрын хүчтэй давшилтын улмаас байрлалаа орхин ухрахад хүрсэн байна.
Бие даасан шинжээч Аун Ко Ко:
Нуран унахад ойрхон байна гэж үнэлэгдэж байсан Мьянмарын арми бодит байдал дээр тогтвортой үлдэж, улс төр, цэргийн аль аль талдаа байр сууриа хадгалж чадлаа.
гэж дүгнэжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар SCEF-ийн бүрэлдэхүүнд багтдаг зарим угсаатны зэвсэгт байгууллагууд Мьянмарын Засгийн газартай хэлэлцээ хийх олон улсын дарамтад орж эхэлжээ.
Үүнд Карены Үндэсний Холбоо (KNU), Качины Тусгаар тогтнолын байгууллага (KIO), Чиний Үндэсний Фронт (CNF), Кареннигийн Үндэсний Дэвшлийн Нам (KNPP) зэрэг байгууллагууд багтаж байгаа юм. Эдгээр байгууллагаас тодруулга авах гэсэн Ройтерс агентлагийн хүсэлтэд хэн нь ч хариу өгөөгүй байна.
Тайландын Засгийн газар Мин Аун Хлайныг энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хүлээн авах бөгөөд Мьянмарыг ASEAN-тай дахин ойртуулах дипломат үйл явцад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна.
2021 оны төрийн эргэлтийн дараа ASEAN байгууллага энхийн таван заалттай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд цэргийн удирдлага хангалтгүй ажиллаж байна гэж үзэн Мьянмарын удирдагчдыг дээд хэмжээний уулзалтуудаас хассаар ирсэн юм.
Нэрээ нууцалсан Тайландын өндөр албан тушаалтны хэлснээр:
Бангкокийн гол зорилго нь хүчирхийллийг бууруулах, хүмүүнлэгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн мөргөлдөөн Тайландын хил даван тэлэхээс урьдчилан сэргийлэх явдал.
ажээ.
Харин International Crisis Group-ийн Ази хариуцсан ахлах зөвлөх Ричард Хорси:
Нейпьидогийн засгийн газар одоогоор SCEF-ийг албан ёсны хэлэлцээний тал гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд харин зэвсэгт бүлэглэл тус бүртэй хоёр талын уулзалт хийхийг илүүд үзэж байна.
гэжээ.
Мөн тэрээр:
Мөргөлдөөнд оролцогч бүх тал эсрэг талынхаа байр суурийг сонсоход бэлэн байгаа мэт харагдаж байна. Гэхдээ энхийн үйл явцийг бодитоор эхлэхийн тулд талууд харилцан буулт хийж, нийтээр хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэх шаардлагатай. Одоогийн байдлаар энэ зорилго биелэхэд багагүй хугацаа хэрэгтэй .
хэмээн дүгнэсэн байна.








