"Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үл хамааран БНХАУ Умард Солонгостой тогтоосон уламжлалт найрамдалт харилцаандаа тууштай хэвээр байх болно" гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдсэн талаар Умард Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлаг бямба гарагт мэдээллээ.
KCNA-гийн нийтэлсэнээр, Ши Жиньпин болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар харилцан илгээсэн захидалдаа хоёр улсын харилцааны талаар байр сууриа илэрхийлжээ.

Ким Жон Ун захидалдаа хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа "Шинэ стратегийн түвшинд хүрсэн" хэмээн онцолсон байна.
Үүний зэрэгцээ Умард Солонгосын Ерөнхий сайд Пак Тае Сонг баасан гарагт Бээжин хотод гурван өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Тэрээр Хятад, Умард Солонгосын Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцож байгаа юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Ши Жиньпин өнгөрсөн сард долоон жилийн дараах анхны айлчлалаараа Пёньянд очиж, Ким Жон Унтай уулзан улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон билээ.
1961 оны долдугаар сарын 11-нд байгуулсан Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ нь өнөөдрийн байдлаар Хятад улсын хүчин төгөлдөр хэвээр байгаа цорын ганц харилцан батлан хамгаалах гэрээ юм.
Ши Жиньпин захидалдаа:
Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Хятадын Коммунист нам болон Хятадын Засгийн газар Хятад, Умард Солонгосын уламжлалт найрамдалт харилцаанд онцгой ач холбогдол өгсөөр байх болно. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Уны удирдлага доорх Умард Солонгосын социалист үйл хэргийг тууштай дэмжиж, хоёр улсын нийтлэг ашиг сонирхол болон стратегийн таатай орчныг хамгаалахын төлөө тууштай ажиллах болно" хэмээн онцлон дурдсан.











