
Баасан гарагт аугаа Уоррен Баффет "Berkshire Hathaway" компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа бууж, дэлхийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын нэгийн хувьд тус конгломератыг (Олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэсэн компани ҮГ.МН) 60 гаруй жилийн турш удирдан хөгжүүлсэн эрин үеэ ийнхүү өндөрлүүллээ.
96 настай Уоррен Баффетыг ТУЗ-ийн хүндэт дарга (chairman emeritus) болгож, түүний ууган хүү, 71 настай Ховард Баффет Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх бус ТУЗ-ийн дарга (non-executive chairman) боллоо. Ховард Баффет 1993 оноос хойш компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

Энэ өөрчлөлт нь Уоррен Баффет гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгснөөс хойш есөн сарын дараа болж байна. Тэрээр 2026 оны эхээр компанийн гүйцэтгэх захирлын удирдлагыг олон жил хамтран ажилласан Грег Абелд шилжүүлсэн юм. Харин Уоррен Баффет компанийн ТУЗ-ийн гишүүн хэвээр үлдэнэ.
“Омахагийн зөнч” хэмээн алдаршсан Уоррен Баффет Berkshire Hathaway-компанийг АНУ-ын Шинэ Английн бүсийн дампуурч байсан нэхмэлийн үйлдвэрээс 1.1 их наяд ам.долларын үнэлгээтэй аварга конгломерат болгон хувиргасан.
Тэрээр үнэ цэнэд суурилсан хөрөнгө оруулалтын зарчмыг олон арван жилийн турш тууштай баримталж, хэд хэдэн үеийн хөрөнгө оруулагч, компанийн удирдлагуудад хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
Уоррен Баффет энгийн, ойлгомжтой байдлаар ярьдаг, хөрөнгө оруулалтын нарийн төвөгтэй ойлголтыг жирийн хүмүүст хүртэл ойлгуулж чаддаг гэдгээрээ дэлхий даяар асар их нэр хүнд олсон.
Баффет хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа:
Цаг хугацаа хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ цаг хугацаа надад маш өгөөмөр хандсан. 60 гаруй жил өнгөрсөн ч би дэлхийн хамгийн сайхан ажлыг хийсээр байна. Миний насны олон хүн ингэж хэлж чадахгүй. Харин ирээдүйд юу болохыг би урьд урьдынхаас илүү өөдрөгөөр хүлээж байна.
гэжээ.
Өнөөдөр Berkshire Hathaway компанийн бизнесийн эзэнт гүрэнд автомашины даатгалын GEICO, төмөр замын BNSF, эрчим хүч, үйлдвэрлэл, жижиглэн худалдааны олон компани, Dairy Queen зайрмагны сүлжээ зэрэг багтдаг.
Мөн тус компани Apple, American Express, Google-ийн толгой компани Alphabet, Coca-Cola зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцаанд хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан.
Ингэснээр Berkshire Hathaway компани нь технологийн компаниуд давамгайлдаг нэг их наяд ам.долларын үнэлгээтэй компаниудын бүлэгт багтдаг боловч бизнесийн бүтэц, хөрөнгө оруулалтын арга барилаараа онцгой байр суурь эзэлдэг.
Баффетын мэдэгдлийн дараа Berkshire Hathaway компанийн хувьцааны ханш баасан гарагийн арилжаагаар 0.4 хувиар өссөн байна.
Уоррен Баффетын үүрэг, оролцоог үе шаттайгаар багасгах үйл явц олон жилийн өмнөөс төлөвлөгдсөн байсан бөгөөд энэ удаагийн өөрчлөлт хөрөнгө оруулагчдын хувьд гэнэтийн зүйл болсонгүй.
Баффет өөрийн эрүүл мэндийн талаар шинэ мэдээлэл өгөөгүй. Харин саяхан нэг настай гуч хүүгээ харсан тухайгаа дурджээ. Түүний хэлснээр, гуч хүү нь “Өөрөөс нь арай хурдан хөдөлж” эхэлсэн байна.
Висконсин мужийн Brookfield хот дахь Annex Wealth Management-ийн ахлах эдийн засгийн стратегич Брайан Якобсен:
Энэ бол хэзээ болох вэ гэдэг асуудал байсан болохоос болох эсэх тухай асуудал байгаагүй. Баффет ажлаа маш зохистойгоор шилжүүлж өглөө. Энэ нь удирдлагыг гэнэт сольсон хэрэг гэхээсээ илүү олон жилийн турш нарийн төлөвлөсөн залгамж халааны үйл явцын төгсгөл гэж харагдаж байна.
гэжээ.
Баффетын нөлөө Berkshire Hathaway-ээс хол давсан юм. Тэрээр урт хугацаанд сэтгэх, хөрөнгийг сахилга баттай хувиарлах, бизнесийг энгийн бөгөөд ойлгомжтой зарчмаар удирдахыг чухалчилж ирсэн нь олон үеийн компанийн удирдагч, хөрөнгө оруулагчдад нөлөөлжээ.
Эдийн засаг, геополитикийн хямралын үед Америкийн капитализмыг дэмждэг Баффетаас хөрөнгө оруулагчид зөвлөгөө, итгэл найдвар авч ирсэн. Berkshire Hathaway-компанийн жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн уулзалтад Омаха хотод хэдэн арван мянган хүн цугладаг уламжлал тогтсон юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирал Грег Абел баасан гарагт:
Уоррены бий болгосон компанийн соёл, түүний эрхэмлэн дээдэлсэн үнэт зүйлс Berkshire-ийн зүрхэнд хэвээр байх болно. Ховард эдгээрийг хамгаалан дээдэлж явна.
гэж мэдэгджээ.
“ТУЗ-ийн хүндэт дарга” гэдэг нь ихэвчлэн компанийн үүсгэн байгуулагч, удирдлагын өндөр албан тушаал хашиж байсан хүн ажлаа өгсний дараа түүнд байгуулсан гавьяа, урт хугацааны нөлөөг нь хүндэтгэн олгодог цол юм.
Грег Абелыг Berkshire Hathaway компанийн дараагийн гүйцэтгэх захирал болгох төлөвлөгөөг анх 2021 онд зарласан. Гэвч Баффет 2025 оны тавдугаар сард гүйцэтгэх захирлын албан тушаалаас буухаа мэдэгдэхэд олон хүн гайхаж байсан.
Berkshire Hathaway-ийн мэдээлснээр Баффет цаашид ч ТУЗ-ийн гишүүний хувиар өөрийн үнэтэй зөвлөгөө, туршлага, үзэл бодлоо компанид өгсөөр байх аж.
Forbes сэтгүүлийн тооцоогоор Уоррен Баффетын хөрөнгө ойролцоогоор 145 тэрбум ам.доллар. Гэхдээ тэрээр 2006 оноос хойш Berkshire Hathaway-ийн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа талаас илүүг буяны үйлсэд хандивлаагүй бол хөрөнгө нь үүнээс хавьгүй их байх байжээ.
Уоррен Баффетаас ялгаатай нь түүний хүү Ховард буюу “Хоуи” Баффет компанийн өдөр тутмын удирдлагад оролцохгүй. Түүний гол үүрэг нь Berkshire Hathaway компанийн соёл, үнэт зүйлсийг хамгаалах юм.
Berkshire-ийн онцлог соёлын нэг нь толгой компани нь өөрийн охин компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд хэт оролцдоггүй явдал.
Харин Грег Абел бизнесийн үр дүн хангалтгүй байгаа тохиолдолд асуудлыг шийдвэрлэхэд Уоррен Баффетаас илүү идэвхтэй ханддаг гэж үздэг. Ховард Баффет 2025 оны нэгдүгээр сард Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа Berkshire-ийн компанийн соёлыг өөрийнхөөрөө тайлбарлахдаа:
Энэ бол пуужингийн шинжлэх ухаан биш. Гол нь бүхнийг энгийн байлгах. Хийх ёстой зүйлээ хий, гэхдээ шаардлагагүй олон зүйл бүү хий. Хүмүүст шударга ханд. Менежерүүдээ хүндэл. Хувьцаа эзэмшигчдээ хүндэл. Муу мэдээг ч гэсэн эхнээс нь шууд хэл. Шударга бай.
гэж хэлжээ.
64 настай Грег Абел Berkshire-ийн хэд хэдэн бизнесийн салбарыг шууд хариуцан ажиллаж байна.
ТУЗ-ийн дэд дарга Ажит Жайн даатгалын бизнесийг, шинээр ерөнхийлөгчөөр томилогдсон Адам Жонсон хэрэглэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, жижиглэн худалдааны охин компаниудыг хариуцаж байгаа юм.
2026 оны эхээр гүйцэтгэх захирал болсноосоо хойш Грег Абел Berkshire Hathaway-д өөрийн гэсэн удирдлагын арга барилаа нэвтрүүлж эхэлсэн. Тухайлбал, тэрээр хоёрхон өдрийн дотор 16.8 тэрбум ам.доллар зарцуулж, Taylor Morrison орон сууцны барилгын компанийг худалдан авч, мөн Alphabet дахь Berkshire-ийн эзэмшлийг нэмэгдүүлсэн байна.
Berkshire Hathaway 2026 оны зургаадугаар сарын эцэст 364.7 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй байсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр түвшнүүдийн нэг юм. Энэ хэмжээний хөрөнгө Абелд цаашид шинэ компаниуд болон хувьцаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.
Гэвч 2026 оны есдүгээр сарын 17-ны пүрэв гарагийн байдлаар Berkshire-ийн хувьцааны өгөөж S&P 500 индексээс ойролцоогоор 11 нэгж хувиар доогуур байв.
Одоогоор Berkshire Hathaway-ийн хувьцаа компанийн нэгж хувьцаанд ногдох дансны үнэ буюу нийт хөрөнгөөс өр төлбөрийг хассан дүнгийн ойролцоогоор 1.5 дахин өндөр үнээр арилжаалагдаж байна.
Зарим шинжээч “Buffett premium” буюу Уоррен Баффетын нэр хүнд, хөрөнгө оруулалтын ур чадвартай холбоотойгоор Berkshire-ийн хувьцаанд бий болсон нэмэлт үнэлгээ одоо бараг бүрэн арилсан гэж үзэж байна.
CFRA Research-ийн шинжээч Кэти Зайферт:
Өмнө нь компанийн толгойд дэлхийд нэр хүндтэй үнэ цэнэд суурилсан хөрөнгө оруулагч байсан. Харин одоо тийм хүн байхгүй. Тиймээс Уоррен Баффет бодитоор оролцохоо больсон энэ үед Грег Абел Berkshire-ийн хөрөнгийг цаашид хэрхэн хуваарилах стратегийн талаар хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг арилгах шаардлагатай.
гэж хэлжээ.









